Дуудлага бүрийг алдахгүй

Нийт санал өгсөн: 0
Үүлэн тооцоололд суурилсан байгууллагын харилцаа холбооны CallPro шийдэл нь танай байгууллагын утсанд 24 цагийн турш ирсэн дуудлага бүрийг алдалгүй хүлээн авч, бүртгэж, тайлан боловсруулдаг. Лавлах төв, такси дуудлага, хоол хүргэлт, даатгал, худалдаа, үйлчилгээний зэрэг ямар ч компани манай үйлчилгээг ашигласнаар жирийн телефон утсаа ухаалаг харилцаа холбооны цогц үйлчилгээ болгож чадна.
БОРЛУУЛАЛТ

МАРКЕТИНК




КоллПро ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тулгатай түүний компанийн онцлог үйлчилгээ болон технологийн талаар ярилцлаа.
📷
Сүүлийн үед технологийн чиг хандлага клауд буюу үүлэн тооцооллын технологитой салшгүй холбоотой болсон байна. Монголдоо үүлэн тооцоололд суурилсан үйлчилгээг судлаад үзэхэд дотоодын КоллПро компани харилцаа холбооны чиглэлээр уг технологи дээр суурилсан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгэхээр үүлэн тооцоолол гэж өөрөө ямар учиртай зүйл вэ гэдэг талаар яриагаа эхлэх үү?
Cloud Computing буюу үүлэн тооцоолол 2000-аад оны эхээс маш их яригдаж эхэлсэн. Интернет сүлжээ сайжирсан учраас ямар нэгэн тооцооллыг төхөөрөмж худалдан авч түүн дээрээ ажиллуулах шаардлагагүй, интернетэд холбогдсон асар олон серверүүдийг түрээслэх замаар богино хугацаанд, хямд зардлаар гүйцэтгэх боломжийг олгож байгаа арга юм. Мөн зардал хэмнэх, үйлчилгээний найдвартай ажиллагаа сайжрах, ачаалал даах чадвар нэмэгдэх, технологийн шинэчлэлтийг хялбар нэвтрүүлэх олон давуу талыг олгодог.
ямар нэгэн тооцооллыг төхөөрөмж худалдан авч түүн дээрээ ажиллуулах шаардлагагүй,
Сүүлийн үед технологийн компаниуд үүлэн тооцоололд маш хурдацтай шилжиж байна. Бидний сайн мэдэх Netflix компани үйлчилгээгээ Amazon AWS платформ руу шилжүүлснээр маш хямд зардлаар, олон сая хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа найдвартай хүргэж чадаж байгаа. Ийм компаниудын жишээ маш олон бий. Монголын хувьд үүлэн тооцоололд шилжих явц удаан боловч амжилттай хийгдэж байна гэж хардаг. Шинээр гарч ирж байгаа IT компаниуд энэ чиглэлд илүү анхаардаг болсон нь харагддаг.
КоллПро компанийн хувьд бид 2010 оноос уламжлалт суурин харилцаа холбооны програм хангамжийг хөгжүүлж Монголын хэд хэдэн банкнуудад колл центрийн буюу дуудлагын төвийн бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлсэн. Энэ бүтээгдэхүүн маань хөгжүүлэх, нэвтрүүлэхэд зардал өндөртэй байсан учраас үүлэн тооцоололд шилжүүлснээр 2014 онд КоллПро компани мэндэлсэн түүхтэй. Одоо манай бүх үйлчилгээ Монголын 3, АНУ-д 1 дата төвийг ашиглан 400 орчим байгууллагад 24 цагийн турш үйлчилгээгээ хүргэж байна.
Үүсгэн байгуулагчдынхаа талаар бидэнд танилцуулахгүй юу.
Уншигчдын маань хамгийн сайн мэдэх нь манай Б.Идэр-Од. UB Comedy, Faro сургалтын төв болон гарааны бизнесүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрүүдийг санаачилсан залуу бий. А.Золзаяа бол Мобиком компанид холбооны чиглэлээр олон жил ажилласан, холбооны олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг Мобиком компанид нэвтрүүлэхэд гар бие оролцож ажилласан туршлагатай инженер. Миний хувьд гэвэл Жи-Мобайл, МЦХ компаниудад технологийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай. Харилцаа холбооны технологи, маркетинг, стартапийн чиглэлээр багагүй хугацаанд туршлага хуримтлуулсан залуусын нэгдэл болж манай компани байгуулагдсан.
КоллПро үйлчилгээний талаар дэлгэрүүлбэл?
Байгууллагын утас хэзээ ч завгүй дохио өгөхгүй бөгөөд автомат хариулагчаас хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, ажилтан гар утсандаа байгууллагын дуудлагаа хүлээн авах гээд нэг ёсондоо танай байгууллагын дугаарыг ухаалаг болгож байгаа шийдэл юм. 
Байгууллагын утасны дугаар нь тухайн компанийг төлөөлдөг маш чухал зүйл. Харин энэ олон утасны дуудлагад бүгдийг алдалгүй хариулж, 24 цагийн турш мэдээлэл өгч, тайлан боловсруулах боломжийг КоллПро үйлчилгээ олгодог. Байгууллагын утас хэзээ ч завгүй дохио өгөхгүй бөгөөд автомат хариулагчаас хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, ажилтан гар утсандаа байгууллагын дуудлагаа хүлээн авах гээд нэг ёсондоо танай байгууллагын дугаарыг ухаалаг болгож байгаа шийдэл юм. Хэдхэн жилийн өмнө зөвхөн банкнууд, оператор компаниуд хэрэглэдэг байсан бол одоо ямар ч байгууллага сарын багахан хэмжээний хураамж төлөөд банк, оператор компаниудтай ижил түвшний, зарим талаараа бүр илүү боломжуудыг ашиглаж чаддаг болсон.
Statista-с гаргасан 2017 оны судалгаанаас харахад хэрэглэгчид байгууллагаас мэдээлэл авах хамгийн үр дүнтэй сувгийг утас гэж нэрлэсээр байна. Үүний дараа имэйл, чат, олон нийтийн сүлжээ, биеэр уулзах зэрэг орж байна. Ингээд харахад үйлчилгээндээ анхаардаг ямар ч байгууллага утсандаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгчээс ирж байгаа бүх санал гомдлыг утсан дээрээ хүлээж авах, тайлан гаргах, дотоод системүүдтэйгээ интеграцчлах, ажилтнуудаа хянах, мөн шаардлагатай тохиолдолд ярианы бичлэг хадгалах зэрэг олон үйлдлийг КоллПро үйлчилгээ хийдэг. Түүнчлэн гар утаснууддаа дуудлагаа шилжүүлэн авснаар байршил харгалзахгүй ашиглах бүрэн боломжтой. Энэ нь байгууллагуудын хувьд, ялангуяа үйлчилгээний байгууллагуудын хувьд маш том боломж. Ийм боломж 5 жилийн өмнө Монголд байгаагүй ч технологи хөгжихийн хэрээр илүү хямд, илүү хүртээмжтэй болж байгаа юм.
Манай үйлчилгээ нь ямар нэгэн тоног төхөөрөмж шаарддаггүй учраас 24 цагийн дотор байгууллагынхаа утсыг илүү ухаалаг болгох боломжтой.
Одоо 400 орчим байгууллагуудад үйлчилгээгээ үзүүлж байна гэсэн. Аль салбар илүү түлхүү ашиглаж байна вэ? Та энэ талаар мэдээлэл өгөх үү?
Зөвхөн үйлчилгээний гэлтгүй мэдээллийн технологи, барилга, уул уурхайн компаниуд хүртэл ашиглаж байгаа.
Үйлчилгээний байгууллагууд дийлэнхийг эзэлдэг. Анхандаа компаниуд зөвхөн үйлчилгээний салбарт ашиглахад тохиромжтой гэж хардаг байсан бол одоо байгууллагын дотуур холбоо, үйл ажиллагаагаа сайжруулах, хяналт тавихын чухлыг ойлгож бусад салбарууд ч шинээр харилцагч болж байна. Зөвхөн үйлчилгээний гэлтгүй мэдээллийн технологи, барилга, уул уурхайн компаниуд хүртэл ашиглаж байгаа. Ингэснээр дотоод үйл ажиллагааг хялбаршуулах, ярианы бичлэгээр баталгаажуулах, ERP, CRM системүүдтэйгээ холбон ажиллах зэргээр төрөл бүрээр хөгжүүлэн ашиглаж байна.
Байгууллагууд найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгдөг. КоллПро компани байгууллагуудад үйлчилгээ үзүүлдгийн хувьд эдгээрт ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
Бид 99.95%-н найдвартай ажиллагааны стандартыг мөрддөг. Ингэснээр манай үйлчилгээ өдөрт 43 секундээс илүү хугацаанд зогсох ёсгүй гэсэн үг. Цаашид энэ хувийг илүү өндөр байлгахаар төрөл бүрийн шийдлүүдийг туршиж, судалж байна. Мөн манай серверүүд 4 дата төвд байрладаг учраас аль нэг серверт доголдол үүсэхэд нийт үйлчилгээнд нөлөөлөхгүйгээр асуудлыг шийдвэрлэдэг юм.
Дэлхий даяар үүлэн технологид шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн аюулгүй байдлын шинэ асуудлууд ихээр яригдах болсон. Мөн нууцлалын шийдлүүд ч үүнийг дагаад ихээр хөгжиж байна. КоллПро компанийн хувьд мэдээж хамгийн сүүлийн үеийн технологи, нууцлалын стандартыг ашиглахыг зорьдог. Жишээ нь бид үйл ажиллагаандаа Мэдээлэл Технологийн Аюулгүй Байдлын Менежмент ISO 27001 болон Cloud Security Alliance (CSA)-с гаргадаг стандартыг баримтлан ажилладаг. Харилцагчийн мэдээлэлд хандаж байгаа ажилтнуудын эрхийн түвшин ялгаатай байж, хэн хэдийд хандаж байгааг байнга бүртгэж байдаг.
Одоо бизнес шинээр эхлүүлэхээр ажиллаж байгаа залуусыг хараад байхад мундаг програмтай байхад л хангалттай гэсэн хандлага их анзаарагдсан. Ер нь технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад буюу ийм төрлийн бизнес босгоход бид нарын чухалчлан авч үздэггүй мөртлөө анзаарах ёстой зүйл юу байдаг вэ?
Харилцагчийн мэдээлэлд хандаж байгаа ажилтнуудын эрхийн түвшин ялгаатай байж, хэн хэдийд хандаж байгааг байнга бүртгэж байдаг.
Технологийн компанийг ихэвчлэн технологийн чиглэлээр сурч төгссөн, эсвэл энэ чиглэлээр сонирхдог найзууд нэгдэж эхлүүлдэг. Мэдээж мэргэжлийн хүмүүс нийлж байгаа үед бүтээгдэхүүн нь технологийн хувьд бусдаас чанартай, давуу болох боловч маркетинг, борлуулалт, үйлчилгээ талаа орхигдуулдаг. Миний хувьд КоллПро компанийг хамтран үүсгэн байгуулахын өмнө хэд хэдэн компани байгуулж алдаж байсан алдаагаа харахад хэтэрхий их техник, програмчлал тал руугаа хөөцөлдөөд бусад хэсгээ орхигдуулж байсан нь инженерүүдийн сул тал байх. КоллПро компанийн хувьд зөвхөн нэг талын баг бүрдээгүй учир илүү өргөн хүрээнд үйлчилгээг харах, сайжруулахад дөхөм байдаг.
Мөн технологийн хөгжил хаашаа хандаж байгааг урьдчилж зөв таамаглах нь маш чухал. Технологийн бизнес хийхэд, ялангуяа үүлэн технологи бий болсноос хойш хүн болгон бүх юмыг дахин програмчлах, компани болгон бүх програмаа өөрсдөө хийх гэдэг ойлголт байхгүй болсон. Жишээлбэл манай компанийн хувьд серверүүд, домэйн, файл хадгалах хэсгүүдийн найдвартай ажиллагаа нь Америкийн Amazon компанийн AWS үйлчилгээнд суурилсан байдаг бол имэйлийг европын SendGrip компани хариуцаж байна. Харин зарим холбооны технологийн хэсгүүдээ Twilio компаниас авдаг. Бүх зүйлийг бид дангаараа хийж бол амжихгүй, хийлээ ч төгс сайхан юм хийж чадахгүй. Тиймээс чадварлаг бусад клауд үйлчилгээг өөрийн үйл ажиллагаатай уялдуулан ашигласнаар компани маань технологийн хувьд илүү чадварлаг болж буй.
Яг үнэндээ технологийн бүтээгдэхүүн супер кодтой байх, орчин үеийн технологи ашиглах нь хэрэглэгчдэд нэг их сонин биш байдаг. Цаана нь юу болж байх хамаагүй, хэрэглэгчдэд тухайн компани үйлчилгээгээ хэр сайн үзүүлж байна гэдэг л чухал. Ингээд харахад ялангуяа технологийн компаниуд үйлчилгээний чухлыг мартах хандлагатай байдаг. Энэ чиглэлд хүч зарах хэрэгтэй ба өөрсдөө чадахгүй байвал чадварлаг хүмүүст энэ чиглэлээ хариуцуулах хэрэгтэй. Мөн чадварлаг програмист үндсэн бүтээгдэхүүнээ сайжруулж, бусад хэсгээ мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нь технологийн компанид чухал гэж боддог.
Одоо эргээд харахад эхний ажилтнуудаа зөв сонгож, багаа бүрдүүлж авч чадсан нь КоллПрогийн амжилттай яваа шалтгаануудын нэг гэж боддог. 
Танай байгууллагын хувьд ажилтнуудаа үр дүнтэй ажиллуулахад баримталдаг стратеги эсвэл анх сонгон шалгаруулалт хийхдээ анхаардаг зүйлс гэж байна уу?
Анх стартап байгуулахдаа энэ чиглэлийн олон ном нийтлэл уншиж, мөн хүмүүстэй санал солилцож байсан. Идэрээ маань ч энэ чиглэлээр их судалсан байсан нь маш их хэрэг болсон. Шинээр үүсэж байгаа компани багаа зөв бүрдүүлэх нь хамгийн чухал байдаг. Бид АНУ-д Dropbox, Twitter зэрэг компанийн анхны ажилтнуудтай уулзаж байсан. Тэд бүгд “Компанийн эхний 10 ажилтан бол тухайн компанийн цаашид хөгжих үгүйг тодорхойлдог хамгийн чухал суурь” гэж хэлж байв. Одоо эргээд харахад эхний ажилтнуудаа зөв сонгож, багаа бүрдүүлж авч чадсан нь КоллПрогийн амжилттай яваа шалтгаануудын нэг гэж боддог. Ачаалал даах чадвар өндөртэй, хариуцсан ажилдаа эзэн болж чаддаг багийг бүрдүүлж чадсан нь бидний хувьд их азтай хэрэг шүү.
Манай компанийн хувьд цөөн тооны ажилтнаар илүү үр дүнтэй ажиллаж, ингэснээр нэгж ажилтандаа өндөр цалин хангамж авах боломжийг бүрдүүлэхийг зорьж ажилладаг.
Байгууллагууд танайхаас утсаар ярьдаг операторын үйлчилгээ аваад танайх тухайн байгууллагын өмнөөс дуудлагад нь хариулдаг үйлчилгээ байдаг уу?
Бид одоогоор зөвхөн програм хангамжийг түрээслүүлэх буюу Software as a Service (SaaS) байдлаар үйлчилгээг үзүүлж байна. Энэ жилээс дуудлагын операторын үйлчилгээг туршилтаар хэд хэдэн компани дээр нэвтрүүлж байгаа маань амжилттай явагдаж байна.
Жишээ нь дэлхийд алдартай Солонгосын Samsung брендийн Монгол дахь дуудлагын төвийн үйлчилгээг 1800-2555 дугаараар ажиллуулж байна. Энэ тохиолдолд бид үйлчилгээ, тоног төхөөрөмж, операторыг буюу харилцагчийн үйлчилгээний төвийг цогцоор нь түрээсэлж байгаа юм.
Цаашдаа уг үйлчилгээг бусад олон байгууллагуудад хүртээмжтэй болгохоор операторуудаа бэлтгэх, програм хангамж хөгжүүлэх ажлууд хийгдэж байна.
Бусад улсад байгууллагын харилцаа ямар түвшинд явж байгаа вэ? Утсан харилцааны дараагийн үе шат юу вэ?
бид байгууллагын мэдээлэл өгөх, тусламж үйлчилгээний зардлыг маш ихээр хэмнэж хэрэглэгчдэд улам таатай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж чадах юм.
Олон нийтийн сүлжээ, интернет хөгжихтэй зэрэгцээд хэрэглэгчид мэдээллийг олон сувгаар авах боломжтой болж байна. Бусад сувагтай харьцуулахад утсан харилцааны хамгийн давуу тал нь амьд харилцаа байдаг.
Бид олон улсын байгууллагуудын судалгааны үр дүнг их анхаарч цаашдын үйл ажиллагаандаа тусгахыг хичээдэг. Хэрэглэгчийн хамгийн түрүүнд ашигладаг сувгийг 2017 оны байдлаар жагсаахад утас 70 гаруй хувь, имэйл 60 хувь, олон нийтийн сүлжээ 30 гаруй хувьтай байгаа. Олон нийтийн сүлжээнд маш том боломж байгаа учраас бид энэ чиглэлээр Twitter, Facebook, Viber компаниудтай хамтран ажиллаж, зарим чиглэлд шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.
КоллПро компанийн ажиллахаар төлөвлөж байгаа шинэ үйлчилгээнүүдээс сонирхуулбал?
Хэд хэдэн шинэ үйлчилгээний хөгжүүлэлт, судалгаа явагдаж байна. Технологийн хувьд хамгийн сонирхол татаж байгаа нь яриаг текст болгох, текстийг яриа болгон хөрвүүлэх боломжийг судалж байна. Англи болон бусад түгээмэл хэрэглэгддэг хэлтэй улс оронд яриаг текст болгох, текстийг яриа болгох технологи маш олон жилийн өмнөөс их сургуулиудын судалгаа, шинжилгээний хүрээнд хөгжсөн нь хэдийнээ хэрэглээнд нэвтэрсэн байдаг. Хэрэглэгчдийн хувьд яг хүнтэй ярьж байгаа мэт сэтгэгдэл төрөх боловч цаана нь бүхэл бүтэн технологи ажилладаг. Монгол хэл дээрх хөгжүүлэлт эхний шатандаа байгаа учраас бид үүнийг илүү богино хугацаанд сайжруулахад гаднын компаниуд болон дотоодын инженерүүдтэй судалгаа хийж байна. Ингэснээр бид байгууллагын мэдээлэл өгөх, тусламж үйлчилгээний зардлыг маш ихээр хэмнэж хэрэглэгчдэд улам таатай үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж чадах юм.
Мөн Amazon компанийн re:Invent 2018, Twilio компанийн Signal зэрэг чуулганыг эхлэхийг хүлээж байна. Энэ чуулгануудаар үүлэн тооцоолол болон холбооны салбарт цоо шинэ олон гайхалтай зүйлс жил бүр шинээр зарлагддаг. Манай үйл ажиллагаа эдгээр компаниудтай их уялдаатай байдаг учраас дараагийн шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд нөлөөлдөг.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.